Силикон Валлей-д 60 хоног чөлөөт ярилцлага боллоо.

МТҮП-аас Силикон Валлейд 60 хоног суралцсан туршлага, олон улсын зах зээлд гарахад анхаарах зүйлс, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг татах арга замуудын талаар танилцуулан санал бодлоо солилцох зорилгоор “Силикон Валлей-д 60 хоног” чөлөөт ярилцлага арга хэмжээг 2016.02.18-ны өдөр зохион байгуулсан ба тус арга хэмжээнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, МТҮП-ын ерөнхий захирал Б.Буян-Өлзий, МТШХХГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Оюун, БСШУЯ-ны СӨББХ-ийн дарга Б.Гантулга, МТ-ийн салбарын мэргэжилтнүүд, инженер програмистууд, оюутан залуус, залуу энтрепрёнерууд, гарааны компаниудын төлөөллүүд зэрэг нийт 120 орчим залуус хүрэлцэн ирсэн юм.

Алкемист техноложис багийнхан Силикон Валлейд “USBC Concordia Ventures” -ийн “Accelerator” буюу гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрт 40 хоног суралцаад ирсэн юм. Энэ хугацаандаа олон улсын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх анхны алхамаа амжилттай хийж, дараагийн шатны GSVLabs-ын хурдасгуур хөтөлбөрт тэнцсэн ба дахин АНУ-ыг зорихоор төлөвлөж байгаа ажээ.

Арга хэмжээнд оролцогчдын хамгийн их сонирхсон асуултууд “Гарааны компанийн засаглалын онцлог”, “Силикон Валлей-боломж ба эрсдэл”, “АНУ-д амжилттай хөрөнгө босгох боломж”, “Монголчуудын мэдлэг туршлага, өнөөгийн түвшин” зэрэг сэдвүүдийг хөндөж байлаа. Алкемист Техноложис компанийн захирал Х.Хангай ярихдаа: Монгол залуусын хамгийн дутагдалтай талууд нь Нэгдүгээрт Багийн ажиллагаа. Олон улсын түвшний хөрөнгө оруулагчид ямар ч сайхан санаа байсан хамгийн түрүүнд “Хэн энэ санааг хэрэгжүүлэх вэ” гэдгийг л чухалчилдаг. Энэ нь биднийг улам шаргуу хөдөлмөрлөж, хамтын ажиллагааны чадвараа улам нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг сануулж байна. Хоёрдугаарт Чанар. Аливаа бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлж хийж сурах нь маш чухал. Ингэж байж л бид хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээнэ.” гэдгийг онцолж байсан юм. Мөн монгол инженерүүд дэлхийд өрсөлдөх боломжийн талаар “Миний харж байгаагаар бидэнд үндсэн 3 гол салбар дэлхийд нээлттэй байна. Эдгээр нь компьютерийн тоглоомын зах зээл, Fintech буюу харьцангуй шинэ санхүүгийн програмчлалын зах зээл, мөн Виртуал бодит байдал буюу VR технологи юм. Энэ салбарууд ирээдүйд эрчимтэй хөгжих учир бид одооноос бэлдэх хэрэгтэй” байгаа тухай санал, бодлоо хуваалцлаа.

Гарааны бизнесийг дэмжих экосистемийг хөгжүүлэх зорилтын хүрээнд туршлага судлах зорилгоор МТҮП-аас Инноваци, технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг Алкемист Техноложис компанийн багийн гишүүнээр явсан бөгөөд яриандаа “Силикон Валлейд очиж хөрөнгө босгох бидний гол зорилго байгаагүй. Мэдээж чадлынхаа хэрээр зүтгэсэн, тэр хэрээрээ тодорхой амжилтад хүрсэн. Хамгийн чухал нь дэлхийн шилдэг стартапуудын халуун цэгт очиж, хурдасгуур хөтөлбөрт нь хамрагдаж, суралцаж, түншлэл үүсгэж, туршлага судалсан явдал байлаа. Энтрэпрёнерууд, стартапуудыг дэмжиж, амжилт гаргах үндсийг бүрдүүлж чаддаг экосистемийг монголдоо бүрдүүлж, хөгжүүлэхэд энэхүү туршлага их чухал юм. Цаашдаа Мэдээллийн технологийн үндэсний паркын зүгээс цогц экосистемийг бүрдүүлэх олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал шинийг санаачлагч, бүтээн байгуулагч хүмүүс, энтрепрёнерууд, хөрөнгө оруулагчид, түншүүд, гарааны бизнесүүд хоорондоо уулзах, нэгнээсээ суралцах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах болно.” “Түүнээс гадна Цахиурын хөндийд хийж бүтээж чадсан, өөрийн нэр хүндээ бүрдүүлсэн олонхийг бүрдүүлэх чухал байна. Бид зөвхөн стартап гаргахыг дэмжээд зогсохгүй, тэнд Силикон валлейд олуулаа болохыг зорьж ажиллах шаардлагатай байна. Энэтхэг, Солонгос зэрэг улсуудын туршлагаас суралцах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Х.Хангай: “Бид өдөр болгон шинэ хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах, хөрөнгө оруулалт хайх зэргээр харилцаагаа тэлж байлаа. Тэнд өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ маш богино хугацаанд оновчтой танилцуулж, юу хүсч байгаагаа илэрхийлэх шаардлага тулгарч байв. Ер нь стартапуудад PITCH буюу НАЙРАА хийх шаардлага тулгардаг. Монголын компаниуд санаагаа алдчихна, хулгайлуулна гээд МУУ САНААЛААД шинэ санаагаа ил ярьдаггүй. Силикон Валлейд бол яг эсрэгээрээ боломж олдсон л бол хэнд ч байсан санаагаа ярьж байдаг. Тэгж байж л хамтрагч, түншээ, хөрөнгө оруулагчаа олж чадна. Энэ соёлыг л монголд нэвтрүүлэх хэрэгтэй санагдсан. Хөрөнгө оруулагч хаана ч байж магадгүй” гэж ярьсан юм.

Монголын гарааны бизнесийг “Силикон Валлей”-д нутагшуулахад гүүр болох бидний зорилго ажил болж хэрэгжиж эхэллээ.

Эх сурвалж: www.itpark.mn