Facebook-ийн шинэ сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн ашиглах вэ?

Өчигдрөөс эхлэн Facebook компани жил гаруй хугацаанд туршиж, хөгжүүлсэн “Like” товчлуурыг орлох “Сэтгэл хөдлөл” товчнуудаа бүх хэрэглэгчдэд хүргэхээр болсон гэдгээ албан ёсоор зарлалаа.

Тун удахгүй та найзуудынхаа болон бусдын бичсэн пост, нийтэлсэн зургийн доор зөвхөн “харчихсан шүү” гэсэн утга илэрхийлдэг байсан “Like” товчлуурын оронд өөрт яг ямар санагдсан тэр л сэтгэл хөдлөлөө харуулж чаддаг болох нь.

Гэвч “Таалагдлаа”, “Хаха”, “Хөөх”, “Харамсалтай”, “Уур хүрч байна”, “Жаргалтай байна” гэсэн товчлууруудыг хэрхэн ашиглах юм бол гэж та гайхаж байж болох юм.

Тэгвэл ердөө ганцхан арга бий. Хүлээх. Тэвчээртэйгээр таны гар утас, компьютер дээрх Facebook-т “Та сэтгэл хөдлөлүүдийг ингэж ашиглаарай” гэсэн утга бүхий зурвас иртэл хүлээнэ.

Испани, Ирланд улсуудад туршиж үзсэн эдгээр сэтгэл хөдлөлүүд дунд харин олон хэрэглэгчийн хүсэж байсан “Таалагдсангүй” товчлуур багтаагүй аж. Үүний шалтгааныг Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Хэрэглэгчид Facebook-ээр дамжуулан бусдын сэтгэлд сэв суулгахгүй байгаасай гэдэг үүднээс” гэж тайлбарласан юм.

Эдгээр сэтгэл хөдлөл бүхий товчлууруудыг сонгохын тулд Facebook хэрэглэгчид сэтгэгдэл хэсэгт хамгийн их ашиглаж буй эможинууд дунд анализ хийж сонгожээ.

Дээрх сонголтууд 24-ний өдөр дэлхийн бүх хэрэглэгчдэд хүрнэ гэж компани өөрсдийн албан ёсны хуудас дээр бичсэн бөгөөд Монголд хэдийгээр 25 болсон ч гэсэн яг одоогийн байдлаар энэ горим идэвхжээгүй байна.

Туршилт хийх үүднээс Hola ашиглан Facebook рүү Испаниас нэвтрэхэд өмнө нь гарч ирдэг байсан сонголт мөн л гарч ирсэнгүй. Гэхдээ цагийн бүсээрээ бид Калифорни мужаас 16 цагаар түрүүлж явдаг учир шинэ сонголт гарч ирэх хүртэл дахиад ийм хэмжээний цаг байна гэсэн үг. Тэгэхээр тэвчээртэй л хүлээх нь.

Эх сурвалж: www.gogo.mn